/ Төрт ёсны золголт болов.

Төрт ёсны золголт болов.

Арвандолдугаар жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн хаврын тэргүүн сарын шинийн 4-ний билэгт сайн өдөр буюу өнөөдөр ахас ихсээ хүндэтгэх, удирдах, удирдуулах зарчмыг дээдлэн, Ховд аймгийн төрийн байгууллагын төрт ёсны нэгдсэн золголт аймгийн Нутгийн удирдлагын ордны Ёслол хүндэтгэлийн өргөөнд зохион байгуулагдлаа. Тус золголтонд аймгийн Засаг дарга, Засаг даргын орлогчид, ЗДТГ-ын дарга, Ховд аймаг дахь Цэргийн гавьяаны одонт Цагдаагийн газрын дарга, удирдлагууд болон төр захиргааны байгууллагын дарга нар албаны хүмүүс оролцов. Удирдлагууд алд цэнхэр хадгаа дэлгэн, хөөрөг зөрүүлэн, амар мэндээ мэдэлцлээ. Айлсан ирж байгаа нохой жилийн өнгийг хэлэлцэж, хүн зон амгалан тайван, мал сүрэг өсөн үржиж, өвлийг өнтэй сайхан давж, налгар хавартай золгож байгаа талаар хууч хөөрлөө. Энэ үеэр золгож буй жилдээ Ховдчууд маань эв эеийг эрхэмлэн дээдэлж, үр хүүхэд, өвгөд хөгшдийн минь хишиг буян дэлгэрч, ард олноороо эрүүл энх, сайн сайхан байхыг бэлэгдэн, “Хан хуур”-аа эгшиглүүлэн, уртын дуугаараа ая дууны түрлэг өргөн барив. Төрийн нуруу түвшин, түмэн олон минь амгалан байх болтугай.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна