/ “Эмэгтэйчүүдийн зөвлөл”-өөс Малчны хотхонд арга хэмжээг зохион байгууллаа.

“Эмэгтэйчүүдийн зөвлөл”-өөс Малчны хотхонд арга хэмжээг зохион байгууллаа.

Ховд аймаг дахь Цэргийн гавьяаны одонт Цагдаагийн газрын даргын баталсан удирдамж, төлөвлөгөөний дагуу 2017 оны 05 дугаар сард “Эмэгтэйчүүдийн зөвлөл”-өөс “Алба сурталчлах, соён гэгээрүүлэх ажил”-ыг зохион явуулж байна. Төлөвлөгөөний дагуу өнөөдөр “Малчны хотхонд” арга хэмжээг зохион байгууллаа. Хүйтний ам цаашилж, хөхүүрийн ам наашилж буй энэ өдөр манай бүсгүйчүүд Цаст Цамбагарав хайрханы нөмөр нөөлөг, өвөр бэлээр нутагтай, буурал түүхийн нугачаанд нугарч, сөгдөөгүй их хаан Галданбошигтоор овоглосон баруун ойрадын баатарлаг өөлд ард түмэний нэг, их хаан Галданбошигтынхоо зарлиг сургаалаар “Гал тамгатай, ганзага имтэй” буянт мал сүргээ өсгөн арвижуулж, үр хүүхдээ зөв боловсон өсгөн хүмүүжүүлж яваа, гал цогтой залуу гэр бүл Ховд аймгийн сайн малчин Н.Ганбаатар, Т.Отгонхишиг нарынд туслахаар хүрэлцэн ирсэн. Өвөл өнтэй сайхан байсан болохоор малчдын нуруу тэнэгэр, малын зоо ханагар харагдана. Ховд аймгийн төвөөс 200 гаруй км нутагт оршин суух малчин Н.Ганбаатарынд манай 10 бүсгүйг өглөөний 07.00 цагт ирэхэд аль хэдийн боссон цай, хоол болж байлаа. /Уг нь бид бүхэн сонсгогдсн өрхийн гишүүддээ мэдэгдэхгүйгээр гэнэтийн бэлэг барихаар Эрдэнэбүрэн сумын ИТХ, Засаг даргын Тамгын газар, Хэсгийн төлөөлөгч, цагдаа нартай тохиролцсон байсан/ Хөх хавсарга, урин хаврын салхи, өтөг бууц үнэртсэн малчны хотонд манай бүсгүйчүүд жинхэнэ монгол ахуйг мэдэрч, малчин түмний ахуй амьдралтай танилцаж нэг өдрийг өнгөрөөлөө. Энэ өдөр Ховд аймаг дахь Цэргийн гавьяаны одонт Цагдаагийн газрын 10 бүсгүй мал хариулах, мал саах, услах, сааль сүү, өвс тэжээл бэлтгэх, төл мал ялгах, аргал түүх, хашаа хороо цэвэрлэх, өтөг бууц ялгах, аяга таваг угаах, хоол цай бэлтгэх гээд малчин хүний 1 өдрийн ажлыг хийж гүйцэтгэн, гэрийн эзэн, эзэгтэй нарыг 1 өдөр амрааж, ах дүү, айл саахалтаараа орж, хууч хөөрөх нөхцөл боломжоор хангалаа. Тус сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга н.Отгонбаатар даргатай ярилцаж сонгогдсон Н.Ганбаатар, Т.Отгонхишиг нар маань 5 хүүхдийнхээ хамт амьдардаг бөгөөд 2 охин нь Улаанбаатар хотод их, дээд сургуульд, 1 хүү нь 7 дугаар ангид, 1 охин нь 3 дугаар ангид суралцаж, 1 хүү нь аав, ээждээ туслан малчин удмын залгамж халаа болон хөдөлмөрлөж байна. Гэрийн эзэн, эзэгтэй нар 1993 онд гэр бүл болсоноос хойш мал маллаж байгаа. 2004 онд Н.Ганбаатар “Аймгийн сайн малчин” цол тэмдгээр шагнагдсан. Мөн “Тэргүүний хоршоологч”, “Шилмэл эцэг мал үржүүлэгч”, “Шилдэг уяач” зэрэг шагналаар шагнагдсан, энэ жил 500 гаруй төл бойжуулсан, 1900 гаруй малтай, удам дамжсан жирийн нэгэн малчин өрх байлаа. Бид бүхэн их ажлаа амжуулсаныхаа дараа хэсэгхэн зуур өрхийн гишүүдийг баярлуулж, инээд хөөр бэлэглэх зорилгоор хөгжөөнт тэмцээн зохион явуулж, шагнаж урамшуулан, урлагийн тоглолт сонирхуулсан нь тэдэнд хэзээ ч мартагдахгүй сайхан дурсамжийг үлдээсэн. Энэ дашрамд манай бүсгүйчүүдийг “Малчин Монгол ёс заншлаа алдаагүй, малтай хэрхэн харьцахаа мэддэг, малыг хайрлаж, аливаа ажилд үнэн сэтгэлээсээ хандаж байна. Хүн ардынхаа төлөө нойр хоолгүй зүтгэж яваа цагдаа бүсгүйчүүдийг ийм ажлыг хийж байгааг харахад үнэхээр бахархалтай байна” хэмээн гэрийн эзний магтсаныг дуулгахад таатай байна.
“Мал маллах сайхан, малын буян хишиг их шүү. Малынхаа буянаар энэ хэдэн хүүхдээ эрдэм ном, боловсролтой хүн болгон сургаж байна. Монгол үүлдрийн мал жилийн дөрвөн улиралд бэлчээрийн маллагаанд байж, үржин төлжиж ашиг шимээ өгсөөр ирсэн. Хавар мал төллөх тарчиг цагаар л жаахан хэцүү. Бусдаар бол сайхан шүү. Хэдэн малын буян болоод л байдаг юм” гэж ярих гэрийн эзэгтэй нилээн зүйлийг уншиж, судалсан нь ярилцаж суухад мэдрэгдэж байсан. Сонирхуулахад монгол хонь богино өөхөн сүүлтэй, ноолуур, сор, завсрын болон ямаан үс оролцсон холимог ширүүн ноостой. Монгол хонины үндсэн ашиг шим нь амт чанар сайтай мах байдаг. Харин монгол ямаа бэлчээрээр таргалах чадвар сайтай байдаг ба ямаа саалийн 7 сарын хугацаанд 50-60 л сүү өгдөг ба 20-30 л сүү сааж ашиглах боломжтой, сүүний уураг 3.87, тослог 5.81, чихэр 4.78 хувь байдаг байна.
Энэ дашрамд малчдын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, тэдний эрүүл мэнд, нийгмийн хамгааллыг сайжруулах, нийгмийн даатгалын тогтолцоонд хамруулах, малчид, ялангуяа залуу малчдын мэдлэг, чадварыг дээшлүүлэх, хүч, хөдөлмөрөө хоршихыг урамшуулах, бэлчээрийн мал аж ахуйг эрхлэн хөтлөх аргыг боловсронгуй болгох, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчийг дэмжих замаар малчдын тав тухтай амьдрах орчин, нөхцөлийг бүрдүүлэх, мал аж ахуйг эрсдэл багатай, баталгаатай хөгжүүлэх нь чухал юм гэсэн бодол төрсөнийг Төр засаг, аймаг, орон нутгийн удирдлагууд анхааралдаа аваасай гэж хүсмээр байна. Энэ нь малчдын хамтын бүлэг, нөхөрлөлийг бий болгох, малчин өрхийг хөгжүүлэх, мал аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх, тэдний бүтээгдэхүүн борлуулалтын сүлжээг орон нутагт бий болгон хөгжүүлэхэд чухал түлхэц болох юм.
Малч удмаа даган, малчин заяандаа ижилсэн, монгол ёс заншлаа “гээгээгүй” Ховд аймгийн “Сайн малчин” Н.Ганбаатар, Т.Отгонхишиг нартаа болон та бүхнийхээ үр хүүхэд, ээж, ах, эгч, дүү, төрөл төрөгсөд тань хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, “Улсын тэргүүний малчин” болох хүсэл зорилгодоо хүрэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Энэхүү арга хэмжээг зохион явуулахад гүн туслалцаа үзүүлж, дэмжин тусалсан Ховд аймаг дахь Цэргийн гавьяаны одонт Цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Мөнхболд, Эрдэнэбүрэн сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга н.Отгонбаатар, Ховд телевизийн захирал П.Самбалхүндэв, зураглаач н.Сум-Очир, аймгийн Улаан загалмайн хороон дарга н.Отгонпүрэв, тус сумын Хэсгийн төлөөлөгч, цагдаагийн а/д Н.Батжаргал, цагдаа, цагдаагийн д/а Б.Нямдорж, Олон нийтийн цагдаа н.Дамба нартаа иргэдийнхээ аюулгүй амар тайван амьдралын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж яваа мөрдөс нэгт нийт бүсгүйчүүдийнхээ өмнөөс баярлаж талархсанаа илэрхийлье.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна